Бүгдэнд нь шинэ оны мэнд. Хэсэг хугацаанд завгүй байсаны эцэст блогтоо зав гаргах боломжтой боллоо. Маш олон уншигчид хүссэн байсан учир та бүхэнд хэрхэн Nokia N900 утсанд толь бичиг суулгах талаар хуваалцья.

Миний бие өөрийн утсандаа хэд хэдэн төрлийн толь бичиг суулгаж байсан. Хамгийн анх нээлттэй эх болох Stardict толь дээр суурилсан QStardict  толь бичиг суулгаж байлаа. Анх ашиглахад их зүгээр санагдаж байсан ч хэд хэдэн шалтганы улмаас ашиглахаа болисон. Гол шалтгаан нь тухайн үедээ миний ашиглаж байсан хувилбар нь заримдаа алдаа өгөх тохиолдол их гардаг дээр нь толь нэмхэд заримдаа ажилладаггүй. Мөн ажиллах үед санах ой, процессор их ашигладаг зэргээс болоод өөр толь бичгийн программ хайж эхэлсэн билээ. Үүний үр дүнд MStarDict гэх программыг олсон бөгөөд одоогоор уг толь бичгийг ашиглаж байна.

Уг толь бичгийн онцлог нь:

  • StarDict-ийн толь бичгийн санг ашиглах боломжтой
  • espeak library-г ашиглан үгийг дуудаж өгөх боломжтой
  • Нээлттэй эх зэрэг давуу талтай юм

Хэрвээ та уг программыг туршихыг хүсвэл extras-devel repository дотроос суулгах боломжтой.

Суулгасны дараа үүссэн MyDocs/mstardict хавтас дотор StarDict толь бичгийн санг хуулаад үүний дараа Dictionary цэснээс нэмэгдсэн байх толь бичгийн санг сонгосноор ашиглах боломжтой болно.

Би өөрийн ашигладаг Англи-Англи болон Англи-Монгол толь бичгийн санг хавсаргав. Асуух зүйл байвал лавлаарай. Харамгүй хуваалцах болно.

Санг татаж авах.